Л.БИЛГҮҮН: Ёс зүй бол шинэ актив



“Их сургуулиа төгсөөд би таван жилийн дотор захирал болно гэж зорьж байсан ч чадаагүй ээ. Харин зургаан жилийн дараа төлөвлөсөндөө хүрч чадсан шүү” хэмээн Л.Билгүүн хэлээд инээж байна. 30 нас ч хүрээгүй залуу CEO зорьсондоо хүрч чаддаг нэгэн аж. Гэхдээ энэ бүхэн түүний хувьд дөнгөж эхлэл бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ  үеийг түүчээлэн ажиллах асар том амбицыг тээж буй. Карьерынхаа явцад ихээхэн бүтээлч ажиллаж, ажилласан байгууллага бүртээ хурдтай суралцаж, өсөн дэвжиж ирсэн нь өнөөдөр түүнийг “Инвескор Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд авчирчээ. 

“Туршлагыг олон жил ажилласнаар бус өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж гүйцэтгэж, юу амжуулж, юу сурснаар л хэмжинэ. Олон төсөлд цөөнгүй гаргалгаа, шийдэл дэвшүүлж ажилласан маань өнөөдрийн хэмжээнд хүргэсэн гэж боддог” хэмээн тэр онцоллоо. “Инвескор Капитал” -д ирэхээсээ өмнө Л.Билгүүн Улаанбаатар хотын банк болон Голомт банкны Байгууллагын банкны газарт харилцааны менежер, корпорейт менежерээр тус тус, ажилласныхаа дараа “Смарт Брокерс” даатгалын брокерын компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээр 10 хүрэхгүй жилийн өмнө МУИС -ийн Эдийн засгийн сургуулийн Банкны менежментийн ангийг дүүргэх үедээ өөрөө өөртөө өгсөн амлалтдаа хүрч чаджээ. Гэвч түүний амбиц үүгээр хязгаарлагдсангүй. Өдгөө хөрөнгийн зах зээлд хүчтэй тоглогч болон тодорч буй “Инвескор Капитал” ҮЦК -тай зорилго, зорилтоо нэгтгэн салбарынхаа хөгжлийг дараагийн түвшинд гарахаар хамтдаа урагшилж байна. 

2018 онд “Инвескор” санхүүгийн группын охин компаниудын нэг болон үүсгэн байгуулагдсан “Инвескор Капитал” ҮЦК өнгөрсөн жилүүдэд нийт 80 орчим байгууллага, 5000 орчим иргэдэд мэргэжлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлээд буй. Ингэхдээ зөвхөн өнгөрсөн онд гэхэд л Голомт банкны IPO, “Инвескор ББСБ” ХК -ийн FPO болон нээлттэй бонд, мөн Монголын хөрөнгийн биржийн IPO хийхэд төвлөрөн ажиллаж, нийт 14 байгууллагад хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн үйлчилгээг амжилттай үзүүлж, 343 тэрбум төгрөгийн андеррайтерын ажил хийж гүйцэтгэжээ. 

Голомт банкны хамтын ажиллагааны тухайд, тус банк нээлттэй компани болсноор хөрөнгийн зах зээлийн үнэлгээ даруй нэг их наяд төгрөгөөр өссөн бөгөөд анхдагч арилжааны дүн 162 тэрбум төгрөгт хүрсэн бол хоёрдогч арилжаа нь 1.1 тэрбум төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн билээ. Энэхүү IPO -ийн дараа Голомт банк 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгох боломж бүрдэж буйгаараа зах зээлийн эргэлтийг түргэсгэж, бизнесийн байгууллагуудыг дэмжих, улмаар зах зээлийг тэлэх үүд хаалгыг нээнэ хэмээн “Инвескор Капитал” -ынхан үзэж буй. 

Харин Монголын хөрөнгийн биржийн хувьд төрийн өмчит компани анх удаа IPO хийж буйгаараа онцлог бөгөөд нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож, захиалгаа 4.8 дахин давуулан биелүүлж, хөрөнгө оруулалт амжилттай татан төвлөрүүлсэн. Үүний үр дүнд, хувьцаа эзэмшигчдийнх нь бүтэц шинэчлэгдэж, олон нийтийн хяналт сайжрахын зэрэгцээ ашигт ажиллагаа, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал мөн сайжирч, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын зах зээлд татах зэрэг томоохон боломж нээгдэх юм.

Энэ талаар Л.Билгүүн “Манай компани төдийлэн олон харилцагчтай биш. Өндөр дүнгээр хөрөнгө оруулдаг цөөн тооны харилцагч маань ихэвчлэн корпорейт байгууллагууд байсаар ирсэн. Бид санхүүгийн тооцооллоо маш тодорхой, зөв гаргаж, харилцагчдынхаа итгэлийг хүлээж, зорилтот зах зээлдээ төвлөрөн ажилладаг. Харин 2022 онд ритейл буюу жижиг хөрөнгө оруулагчдад түлхүү төвлөрөн ажилласны үр дүнд харилцагчийнхаа тоог зургаа дахин өсгөлөө” хэмээн хэлж байна. Түүнийг ийн ярих зуур нүүж ороод удаагүй шинэхэн оффисынх нь албан өрөөний хойморт байрлуулсан, хөрөнгийн зах зээлийн гол бэлгэ тэмдэг болох бухын баримал нүдэнд тусах аж. Bloomberg TV Mongolia Awards -аас Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан шилдгүүдийг тодруулж, “Инвескор Капитал” ҮЦК -ийг “Шилдэг хөрөнгө оруулалтын зөвлөх” -өөр шалгаруулах үеэр дурсгасан энэхүү бух өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь тэдний үсрэнгүй хөгжлийг илтгэнэ. Гүйцэтгэх захирал Л.Билгүүний хувьд Улаанбаатар хотын банканд ажилд ороод удаагүй, шинэхэн ажилтан байх үед баг хамт олон нь шилдгээр шалгарч, захирлынх нь өрөөнд мөнхүү бух байхыг анх харсан бөгөөд хэдэн жилийн дараа ийнхүү удирдаж буй компани нь салбартаа тэргүүлж, хөрөнгийн зах зээлийн өсөлтийн бэлгэдэл болох бух гардан авсан нь түүний хувьд тунчиг утга учиртай, баярт үйл явдал болсон талаар онцлоод “Бид эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, үр дүнтэй ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байдаг” хэмээн өгүүлэв.       

Нөгөө талаар, бага хүчээр ихийг хийж бүтээж болохыг тэдний үйл ажиллагаа харуулж чадсан юм. “Инвескор Капитал” ҮЦК -ийн цомхон хэрнээ чадварлаг баг өнгөрсөн хагас жилийн хугацаанд оффистоо хонон өнжин ажилласан өдрүүд олон. Эдний хамт олныг CFA (Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч) цолтой болон уг цолыг хамгаалахаар зэхэж буй чадварлаг санхүү, бизнесийн шинжээчдээс гадна Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк зэрэг системийн нөлөө бүхий банкууд болон санхүүгийн томоохон байгууллагуудад ажилласан туршлагатай мэргэжилтнүүд бүрдүүлж буйгаараа онцлог. Тэдний хувьд дараа дараагийн ажлууд нь ар араасаа зогсолтгүй ундарч буй учраас багаа өргөжүүлж, энэ жил ч ажилтнуудынхаа тоог үргэлжлүүлэн нэмэхээр зэхэж байна. Мөн гадаад зах зээлд, тэр дундаа Төв Азийн бүс нутагт санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхлэхээр бэлтгэл ажилдаа орсон тул багаа тэлэх бодлогоо үргэлжлүүлж буй хэмээн тайлбарласан юм. 

Энэ тухайд Л.Билгүүн “Манай компани тэлж томрохын хэрээр ажилтнуудад маань карьер ахих боломж нэмэгдэж байна. Удирдлагын багаас гэхэд л алба, хэлтсийн хоёр ч захирал маань саяхныг хүртэл дунд түвшний менежерээр ажиллаж байсан хүмүүс бий. Миний хувьд ч, компанидаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард борлуулалт хариуцсан захирлаар анх ажиллаж эхэлсэн. Тухайн үед миний удирдлагад нэг брокер ажиллаж байсан бол өнөөдөр борлуулалтын баг маань маш олуулаа болж өргөжсөн байна. Богино хугацаанд бидний бий болгосон өсөлтүүд, бодит үр дүнг хувьцаа эзэмшигчид маань зохих ёсоор үнэлж чадсан гэж боддог” гэлээ.    

Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Жагсаалтруу буцах

Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАМТДАА

Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх “Инвескор Капитал” үнэт цаасны компани олон улсын түвшинд үнэлэгдэж, салбарынхаа шилдгээр нэрлэгдлээ.<

Дэлгэрэнгүй...

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ түүх эхэллээ.

Монгол улсад хөрөнгийн зах зээл үүссэн буюу “Монголын Хөрөнгийн Бирж” үүсгэн байгуулагдсанаас хойш эдүгээ 30 гаран жилийг туулан өнгөрүүлэ

Дэлгэрэнгүй...

МЭДЭГДЭЛ

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 12 дугаар с

Дэлгэрэнгүй...

ХӨГЖЛИЙН ШИНЭ ТҮҮХ: МХБ-ИЙН IPO

Санхүүгийн зохицуулах хорооны 12-р сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэ

Дэлгэрэнгүй...

Л.БИЛГҮҮН: Үйл ажиллагаагаа хангалттай сайн явуулж байгаа байгууллага л IPO хийх зөвшөөрлөө авч чаддаг

Гаднын улс орнуудад хөрөнгийн зах зээл нь оролцогч талууддаа эдийн засгийн тэгш боломжийг олгодгоороо чухал салбарт тооцогддог. Харин Монгол Улсын

Дэлгэрэнгүй...